МОНГОЛЫН ТҮҮХ, ГАЗАРЗҮЙ

2012-12-7

Ажил хэрэгч зөвлөгөө

Ангилал: Зөвлөгөө
 Монголын түүхийн хичээлээр эссе бичих нь



Эссе гэдэг нь францын “essa” буюу « оролдлого», латины “exagiu” буюу  «тал бүрээс нь дүгнэх»  гэсэн утга бүхий  цөөн үгтэй зохион бичлэгийн нэгэн төрөл юм.
              Эссе  нь хувийн сэтгэгдлийг илэрхийлсэн өөрийн философитой шинжлэх ухааны үндэслэгээтэй бичигдэх ёстой.

Анхны эссе нь   Мишель Монтены  «Опытах» (1580) хэмээх бүтээл байсан бөгөөд Фрэнсис Бэкон,  Английн  яруу найрагч, жүжгийн зохиолч  Бен Джонсон  нар өөрийн бүтээлдээ эссе бичлэгийг хэрэглэж байжээ. 
 XVIII—XIX зуунаас эссе нь англи, францын сэтгүүлчдийн бүтээлд нэгэн бие даасан бичлэгийн төрөл болсон байна. Английн Ричард Стил, Генри Филдинг, Францын  Дидро, Вольтер,  Германы  Лессинг, Гердер  болон Т. Карлейль, М. Арнолд,  Б. Шоу,  А. Моруа, Ж. П. Сартр нар философи болон хэл шинжлэлд эссег өргөнөөр хэрэглэх болжээ. Балис Сруога  1923 онд «Бурханы инээмсэглэл» нэртэй эссений анхны  бүтээлээ гаргасан байна.
            Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зүй, нийгмийн онцлогоос шалтгаалан өөр өөр шаардлагаар авч үздэг. Гэхдээ АНУ төвтэй “RWCT”-ын төслийнхөн эссений ерөнхий шаардлага, нөхцөлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна. Эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерөнхий, бүрхэг сэдэвтэй бичүүлдэггүй байна. Хамгийн түрүүнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл бичлүүлж болохыг олох хэрэгтэй. Тэр зүйл нь таний төсөөллөөр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илүү сайн ойлгож таний ажил үр дүнд хүрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй.
Орчин үед эссе бичлэгийн  хоёр хандлага ажиглагдаж байна.
1.    Тухайн асуудлаар /гадаад, дотоодын сургууль, сургалтанд элсэх, тодорхой ажил үүргийг гүйцэтгэх/ өөрийн хүсэл эрмэлзлэл, чадвар, дадлыг илэрхийлэх үүднээс эссе бичиж буй хэрэглээний  хандлага
2.    Тодорхой шинжлэх ухааны  хүрээнд тухайлсан тодорхой сэдвээр өөрийн мэдлэг, чадвараа илэрхийлэх, санаа бодлоо нотлох зорилгоор эссе бичиж буй сургалт судалгааны хандлага
            Монголын түүхийн хичээлээр эссе бичих нь хамгийн өргөн хүрээний асуудал  бөгөөд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь хүн төрөлхтөнд өөрийн улс үндэстэн, удам  угсаа, түүх  соёлоо дээдлэх үзэл санаа мөнхийн оршоостой байдаг билээ.
Эссе бичихэд анхаарах түгээмэл  зөвлөмж. 
1-р алхам:

Эссег бичихээсээ өмнө сэдэвтээ анхаарч  харин бүтэц, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Үүндээ тулгуурлан:
-  Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үзэх
- Дэс дараалал, логикийг анхаарах
2-р алхам:
          Энэ хэсэгт эссенийхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгах. Ингэх нь  уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тиймээс эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээх
3-р алхам:
          Эссений үндсэн хэсэг нь агуулгаа  хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ нь ямагт шинэ санаагаар дүүрэн байх ёстой. Дараа нь уг
өгүүлбэрийн утга санааг тодруулсан  жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулж болно.
4-р алхам:
           Энэ алхамд дээрх бичсэн үндсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй байдаг.
5-р алхам:
          Та бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Ингэхдээ зохиогч биш, уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн эссе бичихийн тулд:
o    Дарааллаа гарга
o    Ямар хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхээ тодорхойл
o    Амьдралд тохиолдсон болсон явдлуудаас товч дурьдаж болно
o    Та энэ чиглэлээр яагаад сонирхож байгаагаа илэрхийл
o    Эссений эхлэл богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно
o    Эссений төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
o    Бичиж дууссан эссегээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
o    Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
 
Сайн эссе ямар байх вэ?
o    Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог байх. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
o    Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
o     Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх
Эссе бичихэд анхаарах зүйлс
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
o    Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
o    Дүрмийн алдаагүй, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг багатай байх
o    Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
o    Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
o    Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
o    Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
o    Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
o    Гол сэдвээсээ хазайх ёсгүй.
o    Та чухам юуг илэрхийлэх гээд байгаа зүйлээ тодорхой бичих ёстой.
o    2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй.
o    Санаагаа ойлгомжтой илэрхийл.
o    Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой.
o    Оновчтой хошигнол хэрэглэх нь чухал

Муу эссе гэж юуг хэлэх вэ?
o    Намтарчилсан байдлаар эхлэх  
o    Сонирхолтой  инээдтэй зүйл бичсэн байх
o    Хэт уран яруу, уянгын халилтай байх
o    Зөв бичгийн дүрмийн алдаатай байх
o    Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйлийг бичих
o    Хэцүү бэрх бүхнийг  тоочин тайлбарлах
o    Санаанаасаа зохион, өөрийгөө үзэл бодлоо дөвийлгөн бичих
Харин  Монголын түүхийн хичээлээр эссе бичихэд  тухайн өгөгдсөн сэдвийн хүрээнд бичихээс гадна дараах зүйлд анхаарах нь зүйтэй болов уу?
•    Түүхийн шинжлэх ухааны орчин үеийн онол арга зүйн талаар мэдлэгтэй байх
•    Түүх-нийгмийн асуудалд шинжлэх ухаанч олон ургальч үүднээс хандах
•    Бүтээлч үр дүн сэтгэлгээнд тулгуурлах
•    Улс төржилтөөс ангид байх

 

. Найздаа илгээх! . Уншсан: удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Э.ЦЭРЭНБААТАР
монголын түүх , соёл , ёс , зан заншил , байгаль орчин , газарзүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.Holboos.com

Найзууд

Тоолуур

Миний блогийн 64317 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 145 » Нийт: 164
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant