Цагаан сар
Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно.
Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” Даага далантай, Бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд тарган тавтай өнтэй сайхан оров уу? гэж ахмад хүндээ хөөрөгний тагыг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Мөн
Буурал жил морилж
Буянтай жил иржӨвгөн жил морилж
Өлзийтэй жил ирж
Баясгалантай шинэлсний
Бэлгийг айлтгая хэмээн мэнд солилцдог. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг
Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог ,ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг.Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
5 өнгийн хадагний билэгдэл
Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буянтогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.
Монголчууд хадгийг эдийн дээд болгон хэрэглэсээр ирсэн эртний уламжлалтай. Хээ угалз, үсэг чимгээрээ хадаг нь олон янз байх бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна.
Өнгөний хувь хадаг нь мөн өөр өөрийн гэсэн билэгдлийг агуулна.Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна. Тухайлбал,:
Цагаан хадаг : Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг. Мөн хамгийн сайн сайхан хийгээд маш том хүндэтгэлийн бэлэгдэл юм. Ийм хадгийг бурхандаа өргөж, их хүндтэй, хамгийн ахмад хүндээ барьдаг.
Шар хадаг :Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар,эрдэм ном, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ. Тиймээс зөвхөн багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй ёстой.
Цэнхэр хадаг : Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ . Ерөнхийдөө хүндэтгэлийн бэлэгдэл болдог учир цэнхэр хадгийг түгээмэл хэрэглэж, өөр хоорондоо, ах, дүүсдээ барьж золгодог.
Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.
Ногоон хадаг : Дэлгэрэн аривжихын билэгдэл агуулдаг. Улаан ба ногоог өнгийн хадгийг хүмүүст барьж золгодоггүй. Харин бурхан шашны таван махбодийг бэлэгдсэн тусгай үйлд хэрэглэнэ.
Монголчууд эдгээр таван өнгийн хадгийг аливаа юманд хадгалах, эсвэл эвхэж тавих нь айл гэрт буян хишиг авчирдаг хэмээн үздэг. Тэдгээрийг дараалуулан тавихдаа цэнхэр, шар, цагаан, улаан, ногоон гэсэн дарааллаар тавидаг уламжлалтай.